Сурагчиддаа

2011-05-07 - хүүхдийн хүмүүжилд тоглоом тустай


Хүүхдийн оюун ухааныг хөгжөөх зөв хүмүүжилтэй болгоход тоглоом ихээхэн ач холбогдолтой. Тоглоом ба тоглолт нь хоорондоо нягт холбоотойгоор хүүхдийн амьдралд чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
Хүүхдийг эрүүл, чийрэг сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд асар их үүрэгтэй юм. Тоглоом нь хүүхэд мөлхөж, явах, гүйх, харайх, авирах, хөдөлгөөнд сургаж дадлагажуулан зориг самбаатай, тэсвэртэй, өөрийн хүчинд итгэдэг болгон өсөхөд багагүй ач холбогдолтой.
Мөн юмны чанар байдал, өнгийг таньж мэдэхэд тус болохоос гадна бусад хүүхэдтэй ойртож нөхөрлөх, өөрийнхөө хөдөлгөөнийг залж сурах, янз бүрийн зүйлийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэхэд тусалдаг. Тиймээс хөдөлмөрийн ач тусыг ойлгоход нь маш их нөлөөтэй юм.
   
Ер нь тоглоомын дүрс хэлбэр, утга санаа нь хүмүүсийн ахуй хөгжил, техникийн дэвшилт, ёс суртахууныг илэрхийлж байх ёстой.
   
Хүүхдийн тоглоом бол зөвхөн тухайн хүүхдийг баясгах урамшуулах төдий биш, эргэн тойрон байгаа амьдрал, орчин тойрноо сайтар танин мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг анхаараарай.
   
Мөн насных нь онцлогт тохирсон сонирхолтой тоглоомоор зөв тоглуулвал зөв хүмүүжил олгох ба ирээдүйдээ давшин боловсрох нөхцөлд анхны эхлэл нь болдог.
   
Аав, ээж нар хүүхэддээ зориулсан тоглоомын булан, тавиур хийж өгөх нь зүйтэй. Хүүхдийн тоглоом биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй, хямд төсөр үнэтэй, угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн, хүүхдийн гар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй, сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардагатай.
   
Тоглоомыг 2%-ийн содын уусмалтай халуун усаар өдөрт 1-2 удаа сойздож угаагаад, дахин цэвэр усанд булхуулж хатаана.
   
Асран хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүдийн аль нь ч тухайн хүүхдийн насанд тохирсон, биеэ гэмтээхгүй, залгихааргүй тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Бүх тоглоомууд угаагддаг материалаар хийгдсэн байвал зохино.
   
Ямар ч хэрэгцээгүй, үнэ ихтэй олон тоглоом худалдаж авсны хэрэггүй. Бага насны хүүхдүүд тоглоомыг үргэлж амандаа хийдэг тул гар болон тоглоомыг нь цэвэр байлгах хэрэгтэй.
   
Мөлхөж байгаа хүүхдүүдэд нэг байрнаас нөгөө байранд түргэн мөлхөж очих хөдөлгөөнийг шаардсан бөмбөг, үлээсэн шаар, нийлэг эдлэл, модоор хийсэн төрөл бүрийн тогтворгүй дүрсүүд  байж болно.
   
Хөлд орж байгаа хүүхдэд өөрөө хайж олох, чирч түлхэх тэрэг машинууд, хүүхдийн сэтгэлийг байнга баясгаж байх ан амьтны дүрсүүд, гөрөөс, адгуус, шувууны дүрсүүд илүү тохиромжтой. Гэхдээ тухайн хүүхдийн өсөж торниж буй орчин, хүйсний байдлыг харгалзах хэрэгтэй.
   
Хүүхдийн тоглоом нь нэг ёсондоо тэдний ажил хөдөлмөр юм. Иймээс эцэг, эх, багш, хүмүүжүүлэгч нар хүүхдийнхээ тоглоомыг хүндэлж үзэхийн зэрэгцээ тоглуулан амраах дэглэмийг нарийн баримтлах нь чухал.
   
Тоглоом нь хүүхдийн идэвхи зүтгэлийг сэргээх, хэл яриаг хөгжүүлэх, баяр баясгалантай цовоо сэргэлэн, ажилч хичээнгүй, нямбай, цэвэрч, хамтач, нөхөрсөг зан харьцаатай болоход нь чухал нөлөөтэй учраас тоглоомын учир холбогдлыг хүүхдэд ойлгуулан таниулж, тэдний сонирхол, насан биенд нь тохирсон олон төрлийн тоглоом авч өгөн, хайр гамтай эдлэх, хэрхэн яаж тоглох талаар байнга зөвлөж байх хэрэгтэй.
   
Хүүхэд бүхэн өөрийнхөө хөгжилтийн дагуу тодорхой өвөрмөц онцлогтой байдаг. Иймээс хүүхдийн насанд тохируулан тоглоомыг сонгох нь эцэг эх, багш хүмүүжүүлэгчдийн гол зорилгын нэг мөн
   
Хүүхдийн насыг цэцэрлэгийн, сургуулийн өмнөх ба сургуулийн насны гэж хуваана. Тоглоомыг үүрэг зориулалтаар нь олон ангилж болно.
   
Хүүхдийн анхны хөдөлгөөн, танин мэдэхийг хөгжүүлэх тоглоом нь хүүхдэд ямар нэгэн бодис буюу үзэгдлийн хэлбэр, өнгө хэмжээ, тоо болон бусад чанарыг танин мэдүүлэхэд тусалдаг. Үүнд янз бүрийн өнгөтэй, цагирагтай, угсардаг, өнгөлж будсан модон пирамид, шоо бөмбөлөг зэрэг тоглоомууд орно.
   
Биеийн хөгжил, хөдөлгөөнийг хөгжүүлэх тоглоомонд хүүхдийн өсөлт, хөгжилтөнд үзүүлэх нөлөөллөөр нь эдгээр тоглоомыг гүй, харайх, шидэх, дасгалд зориулагдсан (цагариг, бөмбөг, олс.....г.м) гарын булчин хөгжүүлэхэд зориулагдсан гэж хуваадаг.
   
Хүүхдийг орчин тойрон болон байгальтай танилцуулах, гадаад ертөнцийн дүрийг харуулсан тоглоом, гэрийн тавилга, сав суулга, хувцас зэрэг гэрийн ахуйн хэрэглэл, автомашин, онгоц, вагон зэрэг тоглоом ордог. Эдгээр тоглоомыг хүүхдүүд маш их сонирхдог.
   
Хүүхдийг шинжлэх ухаан техникийн элементтэй танилцуулах тоглоомууд нь техникийн болон хүүхдэд зохион бүтээх эрмэлзлэл төрүүлж, ухаан санааг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг.
   
Эдгээр тоглоомоор тоглоход багаж, материалыг барьж ажиллуулж, чаддаг, мод, металл, картон зэрэг материалыг ашиглаж юм хийх арга барилыг эзэмшиж сурахыг шаарддаг.
   
Энэ бүхэн нь цаашид политехникийн ач тусаа өгдөг бөгөөд хөдөлмөрийн анхны мэдэгдэхүүн, туршлагатай болгож, машины зохион байгуулалттай танилцуулдаг.
   
Техникийн тоглоомд металл, хуванцар, модон зохион бүтээх тоглоом, янз бүрийн машин, трактор, цахилгаан станц, уурын машины ажилладаг моделиуд ордог.
   
Урлаг, хөгжим, уран сайхныг хөгжүүлэх тоглоомд хүүхэлдэйн театр, сүүдэр театр гэх мэт тоглоомууд нь хүүхдийн уран сайхны авъяасыг  хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
   
Уул тоглоомоор хүүхдүүдийг өөрсдийг нь тоглуулах буюу ахлах насны хүүхдүүдээр тоглуулж дуу, яриа, хөгжилтэй хавсарч үзүүлэх нь хүүхдүүдэд маш их баяр хөөр төрүүлэхээс  гадна театрын урлагтай танилцуулж, бие дааж тоглох дур сонирхолтой болгодог.
   
Хөгжмийн тоглоом нь хүүхдийг янз бүрийн хөнжмийн зохион байгуулалт, дуу хөгтэй танилцуулдаг. Хөдөлмөрийн процесстай танилцуулах тоглоомууд нь хөдөлмөрийн дадлага олгох янз бүрийн тоглоом, цуглуулга хэрэгслүүд ордог.
   
Хөгжөөнт тоглоом нь хүүхдийг хөгжүүлж, баясуулж, инээлгэх болон гайхал төрүүлдэг. Энэ бүлэгт зай хураагуур бүхий хөдөлгөөнт тоглоом, шог тоглоом ордог.
   
Ширээний тоглоомын бүлэгт сурган хүмүүжүүлэх зориулалттай олон тоглоом хамаарагдана. Эдгээр тоглоомоор хүүхдүүд түүх, газар зүйн тухай мэдлэг олж авахаас гадна нийгэм, улс төрийн үйл явдлыг тусган харуулдаг.
   
Ширээний тоглоомд мөн шинжлэх ухаан техникийн, биеийн тамирын болон хөгжөөнт тоглоом орно. Тоглоомын өргөн утга агуулга нь хүүхдийн ойлголт, бодол, санааг хөгжүүлэхэд нөлөөлдөг.
   
Резин тоглоом нь хөнгөн, зөөлөн хоргүй учир бага насны хүүхдэд нилээд тохиромжтой байдаг. Түүнийг үйлдвэрлэх аргаар нь хэвлэмэл, цутгамал цул, дүрмэл, үлээмэл гэж хуваадаг. Шинэ жилийн чимэглэл нь гацуур модыг сүрлэг гоёмсог болгодог учраас хүүхдийн сэтгэл санааг баясгаж хөөргөдөг.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-12-14 -
Бичсэн: нараа (зочин)
баялалаа
[Permanent Link]

Миний тухай
Сурагчиддаа
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 14 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax